Шинэ үеийн гаалийн байгууллага үүсэж, хөгжсөний 110 жилийн ойн хүндэтгэлийн баярын хурал өнөөдөр боллоо. Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт баярын хурлыг нээж үг хэллээ. Тэрээр Гаалийн алба үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн түүхийн бүхий л цаг хугацаанд Монгол улсын үндэсний болон нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж хууль ёсны худалдааг дэмжиж, хуулиар хориглосон болон хязгаарласан бараа, гаалийн хорио цээрийн хяналт тавих үндсэн үүргээ биелүүлэн ололт, амжилт дүүрэн ажиллаж ирснийг онцлон тэмдэглээд, үе үеийн гаальчид, тэдний гэр бүл болон гаалийн харилцаанд оролцогч аж ахуйн нэгж, иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлт, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын мэндчилгээг ГЕГ-ын дарга Б.Асралт хүлээн авлаа.
Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан үе үеийн гаальчидад мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэж үг хэллээ.
Гаалийн байгууллага улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ 2020 онд 95.7 хувиар, 2021 онд 98.3 хувиар тус тус биелүүлж байсан бол энэ оны 10 дугаар сарын байдлаар 3.6 их наяд төгрөг төвлөрүүлэн жилийн төлөвлөгөөгөө 103.8 хувиар давуулан биелүүлж, улмаар түүхэндээ анх удаа 4 их наяд төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлэх өөдрөг зорилттойгоор 110 жилийн түүхт ойгоо угтаж байна.
Гаалийн шинэчлэлийн хүрээнд хяналтын нэгдмэл байдлыг хангах, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан техник хэрэгслээр дамжуулан гаалийн удирдах төв байгууллагаас хилийн боомтууд дээр хяналт тавьж, гаалийн хяналтыг цаг алдалгүй үр дүнтэй оновчтой зохион байгуулах зорилгоор телехяналтын нэгдсэн систем бүхий “ШУУРХАЙ ХЯНАЛТ, УДИРДЛАГЫН ТӨВ”-ийг бүтээн байгуулсан нь гаалийн байгууллагын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэхэд урагш томоохон алхсан үйл явдал боллоо.
Гаалийн төв болон салбар лабораториудыг зориулалтын шинэ байтай, сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж суурилуулсан бүрэн шинэчилсэн нь хөгжил дэвшлийн шинэ шатанд хүргэсэн юм.
Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн хүрээнд Боомтын сэргэлт, гаалийн шинэчлэлийн хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлснээр Гаалийн ерөнхий газрын Шуурхай хяналт удирдлагын төв, Гаалийн төв болон салбар лабораториудын бүтээн байгуулалтаас гадна Замын-Үүд, Сүхбаатар, Алтанбулаг, Гашуунсухайт, Шивээхүрэн, Боршоо, Бичигт боомтууд болон Хөшгийн хөндий дэх хил хяналтын байгууллагуудын нэгдсэн нэг цэгийн үйлчилгээний цогцолборын барилга, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж 60-100 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж байна.