Монгол Улс Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай 1998 онд Засгийн газар хоорондын гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслалцах санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд гаалийн байгууллагууд тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах санал солилцож ирсэн.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Жеймс Холдер, худалдааны бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн С.Онон нартай гаалийн байгууллагын төлөөлөл уулзаж хоёр улсын худалдааны харилцааг өргөжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Манай хоёр улс бараа нийлүүлэлтийн уламжлалт харилцаагүй боловч тодорхой нэр төрлийн бараа нийлүүлэлтийг хийж байгаа билээ.
Уулзалтын үеэр хоёр орны Засгийн газар хоорондын 1998 онд байгуулсан гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслалцах санамж бичгийг шинэчлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхий даяар үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан бараа нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангах зорилгоор Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас шувууны мах, махан бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх, согтууруулах ундааны экспортоос дээж авах ажлыг хөнгөвчлөх талаар харилцан санал солилцов. Мөн тус улсын Элчин сайдын яамны зүгээс гаалийн байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх боломжийг судлах, хоёр орны гаалийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчимжүүлэхэд дэмжлэг болох талаар судлахаар тохиролцлоо.