Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын хооронд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны хил дамнасан гадаад худалдааны үйл ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг багасгах, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газрын төлөөлөл 2022 оны 5 дугаар сарын 16-24-ний өдрүүдэд тус улсад ажилласан.
ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам энэхүү айчлалыг санаачлан зохион байгуулсан бөгөөд ИБУИНХУ-ын Ерөнхий сайдын томилсон Монгол Улсыг хариуцсан худалдааны элч, Парламентын гишүүн, ноён Даниел Кочинскийн Монгол Улсад 2022 оны 4 дүгээр сард хийсэн айлчлалын дагуу төлөвлөсөн ажил юм.
Ажлын хэсэг энэ үеэр ИБУИНХУ-ын Парламентын гишүүн, ноён Даниел Кочинский болон Байгал орчин, хөдөө аж ахуйн яам, Хатан хааны гааль зэрэг төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж хоёр орны ижил чиг үүргийн байгууллагын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хамтын ажиллагааны талаар санал солилцон боломжит худалдааны салбарыг сонгож хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Мөн Монгол Улсыг хариуцсан худалдааны элч, ноён Даниел Кочинскийтэй хийсэн уулзалтаар хоёр орны худалдааны эргэлт, барааны төрлийг нэмэгдүүлэх, олон улсад дагаж мөрдөж байгаа эрүүл ахуй, чанар, стандартын гэрчилгээг харилцан тохиролцох, хүлээн зөвшөөрөх ажлыг эхлүүлэх, гаалийн байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон. Ноён Даниел Кочинский Монголын гаалийн байгууллага гадаад худалдааг хөнгөвчлөхөд идэвх зүтгэл гарган ажиллахыг онцлон хил дамнасан худалдааны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хамтран ажиллах, түүний дотор Хатан хааны Гааль, татварын газартай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
Хатан хааны Гааль, татварын газартай хийсэн уулзалтын үеэр хоёр талын гаалийн байгууллага өөрсдийн хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцож, Засгийн газар хооронд 1998 онд байгуулсан “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслалцах” санамж бичгийг орчин үеийн худалдааны чиг хандлагад нийцүүлэх зорилгоор талууд ойрын үед санал солилцон, шинэчлэх нэгдсэн шийдэлд хүрсэн.
Түүнчлэн ИБУИНХУ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн яамны Худалдааны бодлогын хэлтэстэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцох уулзалт амжилттай боллоо.
Уулзалтын үр дүнд ИБУИНХУ-аас Монгол Улсад экспортлох тахианы махны эрүүл ахуйн гэрчилгээний эцсийн хувилбарыг харилцан тохиролцож эцэслэсэн болно.
Монгол Улсад экспортлох мал, амьтан, ургамлын гаралтай барааны эрүүл ахуйн гэрчилгээг харилцан тохиролцсноор цаашид чанар, стандартын шаардлага хангасан бараа эргэлтийн төрлийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Монгол Улсад экспортлох тахиа, загасны махан бүтээгдэхүүний стандартын талаар туршлага судалж, экспортын боломжийг бүрдүүлэх зорилгоор загасны махан бүтээгдэхүүний гэрчилгээг ойрын хугацаанд эцэслэхээр харилцан тохиролцов.
Монгол Улсыг хариуцсан худалдааны элч, ноён Даниел Кочинскийн Монгол Улсад энэ оны 9 дүгээр сард хийхээр төлөвлөсөн албан томилолтын үеэр “Гааль-Бизнесийн түншлэл 2022” арга хэмжээг зохион байгуулж, худалдаа эрхлэгч нарт ИБУИНХУ бусад улс оронд Хөнгөлөлтийн ерөнхий системийг эдлүүлэх боломжийг зохицуулсан хууль тогтоомжийг шинэчлэн 2021 оноос хэрэгжүүлсэн ба Монгол Улс ашиг хүртэгч орны жагсаалтад орсон тул Монгол Улсаас экспортлох Хөнгөлөлтийн ерөнхий систем эдлэх жагсаалтад орсон бараа импортын гаалийн тарифын хөнгөлөлттэй хувь хэмжээг эдлэх боломжийг сурталчлах, эрх бүхий байгууллагатай холбох ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Энэхүү албан томилолт харилцан тохиролцсон асуудлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, төрийн ижил чиглэлийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр орны бизнес эрхлэгч нар хамтран ажиллах гарцыг нэмэгдүүлсэн чухал арга хэмжээ болсон билээ.