Монгол Улсын Сангийн яамны санаачилгаар хэрэгжүүлж байгаа ОУВС-ийн Төсвийн асуудал эрхэлсэн газрын “Азийн гаалийн байгууллагын шинэчлэлийн төсөл”-д манай гаалийн байгууллага 2020 оны 5 дугаар сараас эхлэн хамрагдаж байгаа билээ.
Төсөл эхэлснээс хойш өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гаалийн байгууллагын стратеги төлөвлөгөө, байгууллагын эрсдэлийн удирдлага, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлага, Гаалийн тухай хуулийн шинэчлэл гэсэн чиглэлээр хэд хэдэн техникийн туслалцааг цахим хэлбэрээр хүлээн авсан.
Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд Гааль-Татварын хамтын ажиллагаа чухал бөгөөд энэ чиглэлээр чадавхыг бэхжүүлэх нэг сарын хугацаатай зөвлөх багийн ажил 2022 оны 5 дугаар сарын 31-нд эхэллээ.
Энэ удаагийн техникийн туслалцаа нь Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэж мэдээллийг үр дүнтэй ашиглах, улмаар худалдааг хөнгөвчлөх, хууль сахилтын түвшинг дээшлүүлэх, орлогын гүйцэтгэлийг сайжруулахтай холбоотой чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн.
Их өгөгдлийн шинжилгээ, хиймэл оюун ухаан, их хэмжээний мэдээллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх сургалтыг ашиглан сонгож авсан салбарын хүрээнд мэдээлэл боловсруулж, хамтын ажиллагааны механизмыг зохицуулсан баримт бичгийг шинэчлэн, мэдээллийн шинжээчийн ур чадварыг бэхжүүлэх боломж бүрдэнэ.
Цаашид “Азийн гаалийн байгууллагын шинэчлэлийн төсөл”-д хамрагдаж байгаа бусад орнуудтай туршлага хуваалцах, өөрчлөлтийн менежмент, гаалийн лабораторийн шинэчлэл, бизнес процессын шинжилгээ хийх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэхээр төлөвлөсөн юм.