Энэхүү семинар нь НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны чадавхыг бэхжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан. Цахим уулзалтад Монгол Улсын Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны гишүүд, гадаад худалдаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагын 50 гаруй төлөөлөгчид оролцлоо.
НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Худалдааг хөнгөвчлөх албаны дарга Поул Хансон хуралдааныг нээж хэлсэн үгэндээ газар зүйн өвөрмөц онцлог бүхий ОХУ, БНХАУ-ын хооронд орших далайд гарцгүй хөгжиж байгаа орны хувьд Монгол Улс худалдааны үйл ажиллагааг хөнгөвчлөх хэрэгцээ шаардлага байсаар байгаа. Геополитикийн нөхцөл байдалтай уялдан гарч байгаа дамжин өнгөрөх тээвэрлэлт худалдааны тасралтгүй урсгалыг хангахад нөлөөлөх болсон гэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан худалдааг хөнгөвчлөх арга хэмжээг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гарсан боловч КОВИД-19 цар тахал болон ОХУ Украины хооронд үүсээд буй нөхцөл байдлаас улбаалан худалдааны хязгаарлалт тогтоосон зэрэг гэнэтийн нөхцөл байдал бий болж байна гээд өнөөгийн бидэнд тулгарч байгаа асуудлууд болон тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх боломжийн талаар олон улсын, үндэсний экспертүүдтэй хэлэлцүүлэг хийж, хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд энэхүү арга хэмжээ чиглэгдэхийг онцлоод, хамтран зохион байгуулагч НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын хамт олонд талархал илэрхийлсэн юм.
Семинарын хүрээнд далайд гарцгүй хөгжиж байгаа орны хувьд Монгол Улсын дамжин өнгөрөх тээврийн тулгамдсан асуудлууд, боломжит шийдлийн талаар НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хуралд оролцогчид хэлэлцүүлэг хийв.
Мөн КОВИД-19 цар тахал болон олон улсын харилцаанд үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлын улмаас Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэрт үзүүлсэн нөлөө, ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт, Монгол Улсын тогтвортой транзит, тээврийн эдийн засгийн коридор, улс хоорондын дамжуулан өнгөрүүлэх горимд тавих гаалийн хяналт, Төв Азийн бүс нутгийн дамжин өнгөрөх тээвэрт тулгарч байгаа бэрхшээлүүд болон дамжин өнгөрөх тээврийн эрсдэлийг хэрхэн тооцох талаар хэлэлцлээ.