Шинэ үеийн гаалийн байгууллага үүсэж хөгжсөний 110 жилийн ойн хүрээнд цус хандивлах сайн дурын үйлсийг дэмжин донорын эгнээг өргөжүүлэх, аюулгүй цусны хангамжийг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч донорыг алдаршуулах зорилготой “ТАНЫ ЦУС АМЬДРАЛ БЭЛЭГЛЭНЭ” аяныг Гаалийн ерөнхий газар өнөөдөр /2022.06.21/ зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Гаалийн ерөнхий газрын алба хаагчид нэгдэж 180 орчим хүний амь насыг аврах цусыг сайн дураараа хандивлалаа.
Ч.ЖАРГАЛСАЙХАН: ТАНЫ НЭГ УДАА ӨГСӨН 400ГР ЦУС ГУРВАН ХҮНИЙ АМЬ АВАРДАГ МАШ БУЯНТАЙ САЙН ҮЙЛС ЮМ ШҮҮ.
Мөн энэ үеэр Гаалийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, сургалт судалгааны төвийн багш, гаалийн улсын байцаагч Ч.Жаргалсайханд “Хүндэт донор”-ын тэмдгийг гардуулан өглөө.
Хүмүүнлэг энэрэнгүй сэтгэлээр эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж яваа түүнтэй ярилцлаа.
“Хүндэт донор” болсонд баяр хүргэе? Анх хэзээнээс цусаа хандивлах болсон бэ?
Баярлалаа. 2014 онд “Эргэн дурсахуй” гээд нэгдлийн нөхөдтэй цусаа өгөх аянд нэгдэж орсон юм. Тэгээд хариу нь гарахад та донорт тэнцлээ гэж ирсэн. Тэр үеэс хойш тасралтгүй цусаа өгсөн байна. Нийтдээ 35 удаа 14 литр цус хандивласан байна.
Цус өгснөөр биед гарах өөрчлөлт байдаг уу? Цусаа ийнхүү өгөх нь өөрт ямар давуу талтай байдаг вэ?
Цусаа өгөхийн ач холбогдол маш их. Хоёр сард нэг удаа өөрийн эрүүл мэндийг хянах боломжтой. Даралт, цус багадалт, янз бүрийн вирус байна уу гээд өөрийн эрүүл мэндийг үзүүлээд мэдчих нь их хэрэгтэй. Бас цус шингэрч эрч хүчтэй ядрахгүй байх шиг мэдрэгддэг. Цус өгдөг хүнд архи дарс, сүүтэй цай, өөх тостой хоол хүнсийг хориглодог. Тэгэхээр хүнийг эрүүл байхад хөтөлдөг гэж боддог.
Өнөөдөр танай гаалийн байгууллагын хамт олон цусаа хандивлаж байна. Юу гэж уриалах вэ?
Би харьцангуй оройтож донор болсон л доо. Арай залуудаа донор болох байж гэж боддог ч сайн үйл хэрэгт оройтох гэж байдаггүй юм байна. Залуучууддаа хандаж хэлэхэд эрүүл мэнддээ анхаарч, аливаа хорт зуршлаас хол байж нийгмийн өмнө хүлээсэн нэг үүргээ биелүүлэн бусдын эрүүл мэндийн төлөө цусаа хандивлагч донор болохыг уриалах байна. Таны нэг удаа өгсөн 400гр цус гурван хүний амь авардаг маш буянтай сайн үйлс юм шүү.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Олон нийт, маркетингийн ажилтан Р.Энхтуяа: Цус сэлбэлт судлалын үндэсний төв Улаанбаатар хотын хэмжээнд 80 гаруй эмнэлгийг цус, цусан бүтээгдэхүүнээр хангадаг. Бид өдөрт 150-аас дээш нэгж цус цуглуулж байж эмнэлгүүдийн хэрэгцээг хангадаг. Сайн дурын цус хандивлагчдын цусанд бид халдварын 4 шинжилгээг хийдэг. Тухайлбал, цусны бүлэг, цус багадалт, элэгний В, С вирус, ДОХ, тэмбүү зэрэг шинжилгээ хийгдэж хариуг 7-10 хоногийн дотор цахим хаягаар нь илгээдэг. Эрэгтэй хүн хоёр сар, эмэгтэй хүн гурван сарын хугацаанд тогтмол цусаа өгөх боломжтой. 35 удаа цусаа бэлэглэсэн иргэд Монголын улаан загалмайн нийгэмлэгийн “Хүндэт донор” гэсэн болзлыг хангадаг. Хүндэт донор болсон хүмүүс жилд нэг удаа магадлан итгэмжлэгдсэн амралт, сувиллын газар үнэгүй амрах, нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхтэй байдаг.
Өнөөдөр манай явуулын баг Гаалийн ерөнхий газарт ирж цус цуглуулах үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байна. Бусдад үлгэр дуурайлал үзүүлэн цусаа хандивласан Гаалийн ерөнхий газрын хамт олонд баярласнаа илэрхийлье.