Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотноо 2022 оны 6 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн 139/140 дүгээр чуулганд Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын гишүүн 184 гаалийн байгууллагын дарга нар амжилттай оролцлоо.
Бахрейн Улсын Гаалийн байгууллагын дарга ноён А.Аль Халифагийн даргалсан Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн 139/140 дүгээр чуулган ДГБ-ын 2021/2022 оны санхүүгийн жилд гүйцэтгэсэн ажлаа дүгнэн холбогдох баримт бичиг, удирдамж, зөвлөмжийг хамтдаа хэлэлцэж батлан гаргалаа.
Гишүүд “Чадавхыг бэхжүүлэх, гарал үүслийн дүрэм, гаалийн үнэлгээ, барааны ангилал, хууль сахиулах, худалдааг хөнгөвчлөх” болон бусад чухал тэргүүлэх чиглэл, түүний дотор засаглалын асуудлаар мэргэшлийн яриа, хэлэлцээ өрнүүллээ.
Мөн Чуулганаар ДГБ-ын КОВИД-19 төлөвлөгөөний хэрэгжилтийг онцлоод ДГБ-ын 2022-2025 оны Стратегийн төлөвлөгөөг баталж, түүний хэрэгжилтийг хангахад “Технологи ба инновац, Ногоон гааль ба Засаглал, Хариуцлага” нь хамгийн гол анхаарах чиглэл хэмээн тодорхойллоо.
ДГБ-ын 141/142 дугаар Чуулганы даргад улиран сонгогдсон Бахрейн Улсын Гаалийн байгууллагын дарга ноён А.Аль Халифа Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн конвенцид нэгдэн орсон 184 орны гаалийн байгууллагын гишүүнчлэлтэй ДГБ нь техникийн байгууллага тул улс төржилт бидэнд хэрэггүй. Энэ байгууллагад ямар ч улс төржилт байхгүй. Бид энэ танхимд хил дамнасан хяналтын асуудал, гаалийн байцаагч нарын чадавх, гаалийн хяналттай холбоотой техникийн асуудал хэлэлцэнэ гэдгийг онцоллоо.