Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн албаны Сибирийн хууль сахиулах гаалийн газрын төлөөлөгчдийн ажлын тавдугаар ээлжит уулзалт 2022 оны 7 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Уулзалтаар хоёр талын хилийн боомтуудад бүртгэгдсэн хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, тэдгээрийн чиг хандлага, гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх чиглэлээр харилцан тохиролцсон асуудлууд, мөн эрэлч нохойн хяналт, сургалтын чиглэлээр хийгдсэн ажлын үр дүнг дүгнэн хэлэлцсэн байна.
Цаашид хил дамнасан хууль бус худалдаатай тэмцэх, хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, гаалийн зөрчлийн чиглэлээр шуурхай мэдээлэл солилцохын зэрэгцээ нэгдсэн зохицуулалттай арга хэмжээ авах нь чухал болохыг онцлон тэмдэглэж эдгээр чиглэлээр 2022-2023 онд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурлаа.