Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газраас тавьсан албан ёсны хүсэлтээр Дэлхийн Гаалийн Байгууллагын зөвлөх ноён Шинго Танагами, ноён Райнер Неффл, хатагтай Айко Кувае нар 2022 оны 08 дугаар сарын 22-26 ны өдрүүдэд Гаалийн ерөнхий газар ажиллав. ДГБ-ын зөвлөх экспертүүд Монгол Улсын гаалийн байгууллагын бүрдүүлэлтийн дараах шалгалтын үйл ажиллагааг Дэлхийн гаалийн байгууллагын бүрдүүлэлтийн дараах шалгалтын зааврын дагуу үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг болох, мөн техникийн ур чадварыг нэмэгдүүлж, уг нэгжийн ажлыг олон улсын стандарт (Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн 7.5-р зүйл)-д нийцэхэд анхаарч байна. Монголын Гаалийн Бүрдүүлэлтийн дараах шалгалтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийн, техникийн туслалцаа үзүүлэх зорилгоор ийнхүү таван өдөр ажилласан юм.
Дэлхийн Гаалийн Байгууллагын зөвлөх ноён Шинго Танагами, ноён Райнер Неффл, хатагтай Айко Кувае нар өнөөдөр (2022.08.25) Гаалийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж бүрдүүлэлтийн дараах шалгалтын ажлын чиглэлээр хийсэн оношилгоо, энэ чиглэлийн бодлого стратеги, дэд бүтцийг бүх талаар хянан үзсэн талаараа мэдээлэл өгч санал солилцон хөгжлийн төлөвлөгөө боловсруулах зөвлөмжийг өгсөн байна.
Уулзалтын үеэр бүрдүүлэлтийн дараах шалгалтын үйл ажиллагааг гадаад худалдааны чиг хандлага, эрсдэлд суурилсан дүн шинжилгээ, техник технологийн дэвшилд нийцүүлэн олон улсын түвшинд хүргэх, хууль ёсны худалдааг дэмжих, худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн дагуу хууль эрх зүйн орчин, төрийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох гэх мэт олон тулгамдсан асуудлын талаар ярилцаж, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд Дэлхийн гаалийн байгууллагын зөвлөхүүдийн хийсэн дүн шинжилгээ, өгсөн зөвлөмж ихээхэн ач холбогдолтой болохыг гаалийн байгууллагын удирдлагууд онцлон тэмдэглэж талархал илэрхийллээ.