Гаалийн ерөнхий газрын Гаалийн хорио цээрийн газраас 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн хүрээнд БНХАУ-д экспортлох дулааны аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 12 аж ахуй нэгжийн төлөөлөл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Улаанбаатар хотын гаалийн газрын Гаалийн хорио цээрийн албаны холбогдох удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар мах экспортлогч аж ахуй нэгжүүдэд дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлоход БНХАУ-аас тавьж байгаа мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг танилцуулж, бүтээгдэхүүн болон сав баглаа боодол, чингэлгийн гадна дотор талаас авах ковидын PCR шинжилгээ, хаяг шошго, ариутгал халдваргүйжүүлэлтийг хариуцаж ажиллах байгууллагыг хууль тогтоомжийн хүрээнд харилцан тохиролцож нэгдсэн шийдэлд хүрлээ.
Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчдын хяналт шалгалтын тэмдэглэл, итгэмжлэгдсэн Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн ковидын PCR шинжилгээ болон бусад шаардлагатай шинжилгээний дүн, хаяг шошго, ариутгал халдваргүйжүүлэлт БНХАУ-ын холбогдох байгууллагаас тавьсан шаардлагуудыг хангасан тохиолдолд Гаалийн ерөнхий газрын Гаалийн хорио цээрийн газраас хоёр улсын байгуулсан протоколын хүрээнд махны экспортыг эхлүүлэхэд бэлэн болоод байна.