Олон улсын эрүүл мэндийн дүрэм (ОУЭМД-2005)-д заасны дагуу хил дамнан халдварлах эрсдэл бүхий хүний хөл хориот болон мал амьтны гоц халдварт өвчин бусад нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд хариу арга хэмжээ авах, эрсдэлийн үнэлгээ хийх, импорт, экспортын барааны аюулгүй байдлыг хангахад хилийн боомт дээр ажиллаж буй гаалийн хорио цээрийн байгууллагын үүрэг чухал байр суурийг эзэлдэг.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мэргэжлийн хяналтын байгууллагын хилийн хяналтын чиг үүрэг гаалийн байгууллагад шилжин ирсэнтэй холбогдуулан 2 байгууллагын чиг үүргийг нэгтгэх, уялдаа холбоог хангах, хүний нөөцийг чадавхжуулах, зайлшгүй шаардлага гарсан.
Хилийн нэвтрэх цэгт үүсэж болох нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлаас урьдчилан сэргийлэх, үүссэн тохиолдолд хариу арга хэмжээг шуурхай авах чадамжтай байж, нөөцийн бэлэн байдлыг хангуулан ажиллах, боловсон хүчнийг тасралтгүй сургаж, чадавхжуулах нь Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх бидний зорилгын нэг билээ.
Бид ямагт бэлэн байх үүрэгтэй учир дээр дурдсан чиг үүргийг гаалийн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах, чадавхжуулах шаардлагаар Гаалийн ерөнхий газар ерөнхий зохион байгуулагчаар ажиллан, “Хилийн нэвтрэх цэгт Коронавируст халдвар /Ковид-19/ болон бусад нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ” сэдэвт танхимын болон дадлага сургуулилтыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хамтран ажилладаг салбар дундын мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэй хамтран Улаанбаатар хотод 2022 оны 10 дугаар сарын 11-13-ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалт, дадлага сургуулилтад Гаалийн 18 газар, хорооноос удирдах түвшний болон чиглэл хариуцсан 40 гаруй гаалийн улсын байцаагч, ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага, гаалийн улсын байцаагч, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хамтран ажилладаг салбар дундын байгууллага болох ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, ОБЕГ, ИНЕГ зэрэг мэргэжлийн байгууллагын төлөөлөл нийт 80 гаруй хүн оролцож, ГЕГ, ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ, ОБЕГ, ИНЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд хичээл зааж, танхимын сургалтаас гадна дадлага сургуулилтыг Чингисхаан ОУНБ дээр зохион байгууллаа.